Г.Нацагдорж: РЕСТОРАН, ПАБ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН ГОЛ АМИН СУДАС НЬ БАРТЕНДЕРУУД БАЙДАГ

“Шинэ залуу бартендер” шалгаруулах тэмцээн 2018.09.17-19-ний өдрүүдэд Крокус эвент холл-д болох гэж байгаа бөгөөд тэмцээний талаар RestoEXPO2018 үзэсгэлэн зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн Г.Нацагдоржоос тодрууллаа..

 

- Бартендер гэж ямар хүнийг хэлдэг вэ? Энэ талаар ойлголт өгье гэж бодож байна?

- Манайхан түлхүү бармен гэж мэддэг. Бартендер гэдэг нь илүү коктейл чиглэлээрээ хөгжсөн хүнийг хэлдэг юм. Бартендер нь classic  & play гэсэн хоёр төрөлд хуваагддаг. Classic гэдэг нь тухайн коктэйлийн өнгө үзэмж болон амт чанар, үйлчлүүлэгчээ мэдэрч чадах байдал зэргээрээ онцлог байдаг. Харин Play төрөл нь хүмүүсийг илүү хөгжөөх, сонирхлыг нь татах, үзүүлбэр үзүүлэх талруугаа мэргэшсэн хүн байдаг.

- Хэзээнээс  бартендер гэх мэргэжил илүү хөгжсөн гэж та боддог вэ?

- Миний мэдэхийн манай улсад 2006 оноос залуус маань энэ чиглэлийг сонирхож цаашлаад мэргэжил болтлоо хөгжсөн юм болов уу? гэж боддог . Ер нь бол шинэ мэргэжил гэж нэрлэж болно. Тийм ч учраас чадварлаг бартендерүүд цөөхөн байдаг. Чадварлаг бартендеруудын тоог нэмэх зорилгоор  RestoEXPO2018 үзэсгэлэнгийн үеэр шинэ залуу бартендеруудын дунд тэмцээн зохион байгуулах гэж байна.

- Манай улсад мэргэжлийн бартендерүүдийг бэлтгэдэг сургалтын төв, сургууль гэж байдаг уу?

- Одоогоор бол байхгүй байгаа. Мэргэшсэн бартендерууд нь өөрсдөө шавь нараа бэлдэж байна.

- Таны хувьд анх яаж бартендер болж байсан бэ?

- Миний хувьд 2009 оноос хойш бартендер мэргэжлээр ажиллаж эхэлсэн. Анх Франц ресторанд ажилд ороод, зөөгчөөр ажилладаг байлаа. Манай захирал Франц хүн байсан. Захирал маань намайг дэмжээд анхан шатны зүйлсийг зааж өгсөн. Тухайн үед интернэтээр л бүх мэдээллээ авч, уншиж судалдаг байсан.

-Таны хувьд бартендерүүдийг олон болгох, туршлагажуулахад юуг анхаарах нь чухал санагддаг вэ? 

- Манай улсад гол тулгамдаж байгаа зүйл нь насны ангилал байгаад байна л даа. Манайхан 30 гарчихаараа текны ард зогсохоосоо санаа зовоод эхэлчихдэг. Эсрэгээрээ Европт залуу гэхээсээ хөгшин бартендерууд олон байдаг. Түүнийг бүр зорьж очиж уудаг, текэн дээр нь суух гэж оочерлодог, суудал олддоггүй бартендерууд их байдаг. Залуучууд нь түр зуурын мөнгө олох ажил гэж хандаад байгаа учраас илүү мэргэжлийн болж хөгжихгүй байгаа юм. Үүнийг засахын тулд бид залуучууддаа мөнгөний төлөө бус, өөрийгөө хөгжүүлэхэд анхаар гэх мэтээр зааж, сургаж байна.

- Бартендер мэргэжлийн онцлог давуу тал ?

- Маш олон давуу талтай. Нэн түрүүнд харилцааны соёлд суралцах, мэдээж уух зүйлсийн чиглэлээр ажиллаж байгаа учраас энэ талын мэдлэг жил ирэх тусам нэмэгдэж илүү мэргэжлийн болж мэргэшнэ.

- Тэмцээний талаар яриагаа үргэлжлүүлье. Зохион байгуулагчийн хувьд тэмцээний үр дүнг хэрхэн харж байгаа вэ?

- Сүүлийн жилүүдэд зохион байгуулагдсан тэмцээнүүдийг харж байхад шинэ, залуу хүүхдүүд гарч ирүүлэх гэхээсээ илүү мэргэшсэн бартендерууд руу чиглэсэн байгаад байгаа. Тиймээс уг тэмцээнээр цаашид энэ мэргэжлээрээ ажиллах, мэргэшээд явах шинэ, шилдэг боловсон хүчин бий болно гэдэгт итгэлтэй байна .  

- Тэмцээнд оролцъё гэж бодож, төлөвлөж байгаа залууст хандаж зөвлөгөө өгөхгүй юу?

-  Би анхны тэмцээндээ орж байхдаа бэлтгэл муу байсан учраас олон хүний өмнө гараад маш их сандарч байсан. Текныхээ ард маш сайн бэлдэх хэрэгтэй. Сандрахгүй байх их чухал шүү. Хамгийн гол нь бэлтгэл байдаг. Бэлтгэл, бэлтгэл дахин бэлтгэл гэж хэлье даа.

Тэмцээний талаар болон шинэ залуу бартендерууддаа хандан мэдээ мэдээлэл , зөвлөгөө өгсөн танд баярлалаа.

Цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.