Зочлох үйлчилгээний салбарт тэргүүлэгч Номадсын сүлжээний рестораныг бид зөвхөн Монгол үндэстний хоолны ресторанаар л төсөөлдөг нь эндүүрэл билээ. Тэд үйлчилгээний салбарт үйл ажиллагаагаа улам өргөтгөсний том жишээ нь нийслэлчүүдийн үйлчлүүлэх дуртай, төрөл бүрийн шоу тоглолт болон хурим, хүлээн авалтыг мэргэжлийн түвшинд зохион байгуулдаг “Crocus Event Hall” юм. Тэгвэл бид тус танхимын арын алба руу нь “өнгийж” Ерөнхий менежер Б.Энхжаргалтай ярилцлаа. Бидний яриа “Модерн Номадс” хэмээх өнөр бүлтэй хэрхэн ажил амьдралаа холбосон тухай эхэлсэн юм.
-Хүлээн авалт, арга хэмжээ гээд их ажлын дундуур цаг гаргаж байгаад баярлалаа. Таныг ямар мэргэжил эзэмшиж хаанаас ажлын гараагаа эхэлж байсан талаар яриагаа эхэлье?
-Баярлалаа. Би аялал жуулчлал, гадаад хэлний чиглэлээр их сургууль төгссөн. Сургуулиа төгсөөд “Жуулчин” компанид зуны улиралд хөтөч, орчуулагчаар ажиллаж байсан.
-“Номадс”-тай яаж холбогдон ажлын гараагаа эхлүүлж байв?
-Би анх 2009 онд “Модерн Номадс-1” ресторанд менежерээр ажилд орж Номадсын гэр бүлийн гишүүн болж байлаа. Тэндээ зургаан сар ажиллаад “Bd's Mongolian Barbeque” ресторанд туслах ерөнхий менежерээр томилогдон ажиллаж байсан. Үйлчлүүлэх дуртай байсан газраасаа ажлын гараагаа эхлүүлсэн нь их сонирхолтой байсан.
Миний хувьд Номадсын гэр бүлд орж ажиллах болсондоо маш их баяртай байдаг. Маш их зүйлийг сурч, хувь хүнийхээ хувьд туршлагажин, өсөн дэвшсэн ээлтэй газар шүү.
-Таныг “Номадс”-ын хэд хэдэн салбарыг ахлан ажиллаж байсан гэж хамт олон тань ярьж байсан?
-Би “Bd's Mongolian Barbeque” рестораны ерөнхий менежерээр ажиллаж байх хугацаандаа АНУ-ын Денвер, Детройт хотуудад “Bd's Mongolian Barbeque” ресторанд дадлага хийж олон улсын рестораны үйлчилгээний “ServSafe” шалгалт өгч сертификат авч байсан.
Түүний дараа Сургалт, мониторингийн менежерээр, “Bake&Cake factory”–д Ерөнхий менежерээр, “Double Shot & Bakery” салбар хариуцсан захирал, "Bistro by Nomads" салбарын Төслийн менежерээр ажилласан.
-Магадгүй энэ нь “Номадс”-ын ажилчдадаа олгодог давуу талуудын нэг байх?
-Тийм шүү. Ажилчдадаа хөрвөх чадварыг нь дээшлүүлж салбарууддаа сэлгэн ажиллуулдаг. Мөн гадаад орнуудад туршлага судлах, дотоодын байнгын сургалтанд хамруулж чадвар дээшлүүлэхээс гадна ажилчдаа ажлын байран дээр тасралтгүй хөгжүүлж чаддаг нь манай компанийн нэг том давуу тал.
-Удирдлага нь хамт олноо өнгөлдөг, урам зоригоор тэтгэдэг, сурч боловсрох боломжоор хангадаг учраас та нарыг "асаад" байна гэж хардаг л даа?
- Энэ нь ч бидний амжилттай ажиллах нэг үндэс болдог. Түүнээс гадна Номадс-д ажилласнаар өөрөө өөрийгөө олж чаддаг гэж боддог. 2 дахь гэр болсон ажилдаа яаран ирж, чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж, түүнийхээ үр шимийг хүртэж эргээд харахад амжилт дүүрэн байх юм бол тэр хамгийн сайхан бахархал шүү дээ.
-“Номадс” сүлжээний удирдлага хамт олны юуг нь та илүү онцлон хардаг вэ?
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар бол маш хариуцлагатай ажил. Учир нь хүнсний аюулгүй байдал, үйлчлүүлэгч нарын тав тухтай байдлыг хангаж ажиллах нь бидний хамгийн түрүүний зорилт. Түүний төлөө ч бид байнга анхаарч ажилладаг.
“Номадс”-ын хамт олон маш хөдөлмөрч хүмүүс байдаг. Захирал, менежер, албан хаагч гэлтгүй бүгд л дор бүрнээ хариуцсан ажилдаа эзэн болж нэг хүн шиг ажиллаж аливаа ажлын ард гарч чаддаг. Бид хэдийгээр өөр салбар хариуцан ажиллаж байгаа ч нөгөө салбарынхаа ажил дээр “за” гээд л шууд орж байдаг. Багийн тоглолт сайн, хөрвөх чадвар өндөр, хөдөлмөрч хамт олон. Багийн ажил олон зүйл дээр үр дүнгээ харуулдаг.
Манайх ер нь хэзээ ч нэг хэвийн байдаггүй. Байнга л шинэ төсөл, шинэ ажил ар араасаа ундарч байдаг маш сайхан хамт олон.
-Таны одоо хариуцан ажиллаж байгаа салбар бол “Crocus Event Hall”. Энэ салбартаа хэзээнээс ажиллаж байна?
-“Crocus Event Hall анх 2014 онд нээгдэж байхад бид багаараа нээлтийн арга хэмжээнд ханцуй шамлан орж ажиллаж байлаа. Миний хувьд 2016 оны 11 сараас эхлэн ирж ажилласан.
Манайх бүх төрлийн хүлээн авалтууд, урлаг соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Суугаа хүлээн авалт гэхэд 500-1200 хүн, шоу, тоглолтын арга хэмжээнд 1000-2000 хүртэлх хүн хүлээн авах хүчин чадалтай. Тэгэхээр энэ их хүмүүст үйлчлэх хоол, үзвэр үйлчилгээний зохион байгуулалт гэж ресторанаас арай өөр. Олон хүнийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах нь ямар хариуцлагатай, асар их хөдөлмөр байдаг юм бэ гэдгийг мэдэрсэн.
-“Crocus Event Hall” гэхээр залуус томоохон шоу тоглолт болдог газар гэж ойлгоод байдаг. Гэхдээ танайх хурим найр, бусад хүлээн авалт гээд олон арга хэмжээг зохион байгуулдаг гэдгийг тэр бүр мэддэггүй байж магадгүй?
-Тийм шүү. Манай танхим бол Хүлээн авалтын цогц төв. Мөн урлаг соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулахад нээлттэй.
Хурим, хүүхдийн сэвлэг үргээх найр, цолны найр, байгууллага хамт олны ойн баяр, хүлээн авалт гээд хүмүүс ямар л баяр ёслолоо тэмдэглэмээр байна манайх руу хандах боломжтой. Бидний нэг гол онцлог нь олон хүн нэгэн зэрэг хүлээн авах хүчин чадалтай. Яг одоо гэхэд бид энэ жилийн хуримын захиалга авч байгаа. Могой сараас өмнө амжиж хуримын захиалгаа өгвөл амттаны ширээ үнэгүй бэлэглэхээс гадна хуриманд шаардлагатай бүх л зүйл манайд бий.
Мөн бидний нэгэн давуу тал нь хоолны цэсний өргөн сонголт юм. Номадс-ын 15 жилийн үйлчилгээний туршлага, хоол үйлдвэрлэлийн маш том бааз суурь байна. Одоогоор хүлээн авалтын хоолны цэс гэхэд 5 төрлийн сонголттой бөгөөд хүсвэл хоолны цэсээ өөрийн таалалд нийцсэнээр зохиолгож, хямд үнэтэйгээс өндөр үнэ төлөх үнийн уян хатан бодлого баримтлан ажиллаж байна. Ширээний бүтээлэг, цэцэг, чимэглэл гэхэд л олон төрлийн өнгөнөөс сонголт хийх боломжийг бүрдүүлж өгсөн. Үйлчлүүлэгч ямар төрлийн хоол, үйлчилгээг хүснэ, тэр бүхэн бидэнд бий.
-Хамгийн сүүлд гэхэд, үзэгчдийг байлдан дагуулж байгаа “Яг түүн шиг-2” шоу танайд болж байгаа?
-Тийм ээ. “Боловсрол суваг” ТВ-тэй хамтарч дэлхийн хэмжээний “Яг түүн шиг” шоуг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Бидний санаачилсан ажил үзэгчдийг байлдан дагуулж чадсан шинэ контент болж чадсанд бид баяртай байгаа. Тиймээс бид өнгөрсөн жилийн оролцогчид болон энэ жилийн оролцогчдын хамтарсан Гала тоглолтыг ирэх сарын 9-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
-Ярилцсанд баярлалаа.